Өвлийн хүлэмжинд өргөст хэмх тариалах аргачлал

Хэмх (Cucumis sativus.L) нь Хулууны (Cucurbitaceae) овогт багтдаг, нэг наст, Энэтхэгийн халуун бүсээс гаралтай дулаансаг, богино өдрийн ургамал юм. Өргөст хэмхийн тэжээллэг чанар бага боловч хоолны дэглэмийн бүтээгдэхүүнд хамаардаг тул шинэхэн байдлаар идэхэд хоол боловсруулалтыг сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлэн бодисын солилцоог дэмждэг. Өргөст хэмх нь иодын сайн эх үүсвэр болдог ба ходоодны хүчиллэгийг бууруулах гэх мэт олон талын ашигтай хүнсний нарийн ногоо юм.

Өвлийн хүлэмжид тарих тохиромжтой сортын сонголт 

Өргөст хэмх тарихад үрийн сорт сонголт хамгийн чухал үүрэгтэй. Өвлийн нийлэг хальсан бүрхүүлтэй хүлэмжинд ургуулах зорилгоор тусгайлан эрлийзжүүлсэн хүйтэнд тэсвэртэй Партенокарпик буюу гибрид (эрлийз) үрийг сонгох нь зүйтэй. энэ төрлийн үр нь нийлэг хальсан эсвэл шилэн хүлэмжид ургуулах зорилгоор эрлийзжүүлсэн тул тарихад хамгийн тохиромжтой үр юм. Энэ нь дотроо гөлгөр урт жимст, өргөст богино жимст гэсэн хоёр төрөл байдаг. 

Тарихаар сонгож авсан сорт 

 Тарималын нэр: Өргөст хэмх

Сортын нэр: НИИОХ-412 F1

Гарал үүсэл: ОХУ

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Эрчимтэй өсөлттэй, хүчирхэг бут (2-2,5м), дунд зэрэг салаалдаг. Гөлгөр жимстэй. Баг цэцэг нь энгийн нэг зангилаанаас багцалсан хэлбэрийн 3-4 үр жимс үүсгэдэг. НИИОХ-412 F1 сортын хувьд үрслэг шилжүүлэн суулгаснаас хойш 35-40 хоногтойд жимсээ хурааж авна. Соёлолт 99%, цэвэршилт 90%, ургацын дээд чадавх 13-15 кг/м2 жимс хурааж авах боломжтой. 

Үрийг тарилтад бэлтгэх 

Сальфетикан цаасыг +25 хэмийн температуртай усаар норгож, түүн дээрээхэмхийн үрээ жигд тараан байрлуулаад битүүмжилж дэвтээгээд харанхуй газар +25–аас +35 хэмийн дулаанд 48 цаг байлгана. Үүний дараа соёолсон үрийг марганецын (0.5л усанд 1г марганец) уусмалаар 15-20 минут зайлж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлж өгнө.

Үрсэлгээ бойжуулах 

Үрсэлгээ ургуулах хөрс бэлтгэх 

Хар шороо + хөх бууц + элс + модны үртэс зэрэг материалуудыг 2 : 1 : 1 : 1 харьцаатайгаар хольж, бага зэрэг чийглэн бортогондоо дүүргэн хийж үрээ нэг нэгээр нь 1-2см гүнд суулгана. Эсвэл зориулалтын үрсэлгээний хөрсийг зах зээлээс авч ашиглаж болно. Зориулалтын хөрсөнд үрслэгээг суулгахын давуу тал нь ургамал ургах явцад шаардлагатай нэмэлт элементүүд болон хөрсний PH-ийн түвшинг тохируулж өгсөн байдаг нь дөнгөж ургаж буй үрийн ургалтыг идэвхжүүлээд зогсохгүй олон төрлийн мөөгөнцөрийн гаралтай өвчлөлөөс сэргийлж өгдөг. Үрслэгийг 8х8см, 10х10см-ийн бортогонд тус бүр хийж бойжуулах нь хүлэмжинд шилжүүлэн суулгахад үрсэлгээний үндэс тасарч гэмтэхээс сэргийлж өгдөг.

Хүлэмжийн хөрс боловсруулалт

Хүлэмжинд тарилт хийхийн өмнө хүлэмжийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийсэн байх шаардлагатай. Өвлийн хүлэмжид тариалалт хийхэд анхаарах гол зүйл нь хөрсний дулаан, гэрэл хангалттай байх хэрэгтэй. Энэ асуудлыг дулаан хучлагатай хүлэмжинд нүүрсээр галладаг нам даралтын зуух, цахилгаан зуух, ургуулдаг гэрэл зэргийг ашиглан шийдэж байна. Хүлэмжийн хөрс боловсруулалт хийхдээ культиватораар (AMC-900) хүлэмжийн хөрсөө 15–20см-ийн гүнтэй хагалж сийрүүлэх ба хөрсөндөө 1м2-д 4–5кг бууц, 2–3кг шувууны сангас, суперфосфатын бордоо 40-50г байхаар тооцон хольж өгнө. 

 

Үрсэлгээ шилжүүлэн суулгах 

Үрсэлгээ нь хангалттай хэмжээний гэрэл, дулаан буюу шөнөдөө +14 – +15˚С өдөртөө +18 – +20˚С хэмээс багагүй температурын горим шаарддаг тул үрсэлгээг бойжуулахдаа хөрснөөс дээш 1м орчим өндөртэй тавцан тусгайлан бэлдэж, нэмэлтээр халаагч утас (кабель) үрсэлгээний доор хэсэгт байрлуулан, ургуулдаг гэрлээр хангаж, давхар тунель татан өвлийн нөхцөлд температур гэрлийг нэмэгдүүлэх замаар хангалттай дулаан гэрийг ургамалд өгөх боломжтой. Ингэснээрөвлийн хүлэмжийн үрсэлгээ сунаж, сульдахаас сэргийлэх ба халаалтын түлшний зардлыг бууруулаад давуу талтай. 

 Үрийг бортогонд суулгаснаас хойш 7-10 хоногт анхны нахиа цухуйх ба үрсэлгээгээ 3-4 дэх жинхэнэ навчтай (ойролцоогоор 25 хоногтой) болмогц хүлэмжийн хөрсний дулаан +16 - +17˚С, агаарын температур шөнөдөө +14 - +15˚С өдөртөө +18 – +20˚С-с багагүй нөхцөлд ургамал хооронд 35-40 см зайтай байхаар бодож хүлэмжийн хөрсөндөө шилжүүлж суулгана. Ингэхдээ үрсэлгээний үндсийг нарны шууд тусгалд хатахаас сэргийлж хүлэмжийн хучлагыг хааж ердийн гэрэлд шилжүүлэн суулгах нь зүйтэй.

Арчилгаа ба усалгаа 

Усалгаа: Өргөст хэмхийг 2–3 хоногийн зайтай 1 м.кв тутамд 3–4 л ус ногдохоор тооцож +20 - +22˚С хэмтэй усаар усална. Хүлэмжинд дуслын усалгааны систем ашиглах нь ажлыг хөнгөвчлөхөөс гадна усалгааг жигд зохих нормоор хийж өгдөг нь ургамлыг стрессгүй ургах боломжоор хангах, ус бага зарцуулах гэх мэт олон давуу талуудтай.

Арчилгаа: Суулгац 50 см-ээс өндөр болох үед дээш сойж уях (сойлт хийх) ба үндэсний орчмын хөрсийг гар сийрүүлэгчээр сийрүүлж, хог ургамлыг түүнэ.

Таналт, хэлбэржүүлэлт хийх арга: Таналтыг ургамлын өсөлт хөгжлийн эрчим, сортын онцлогоос хамааруулан хийнэ. Ингэхдээ гол иш хөндлөн бэхэлгээ төмөр утсанд хүрмэгц оройг танаж, хажуугийн салааг 2-3 навчны дараа үзүүрийг танаж өгнө. Жимслэхгүй салаа, шарласан өвчилсөн навчсыг танаж авна. Хураалт дуусахаас 20 хоногийн өмнө таналтыг зогсооно.

Гол ишээр нь ургуулах арга:

Хэмхийг гол ишээр нь ургуулахдаа нэг үен дээр 1 навч, 1 жимс ургуулна. Сахал болон илүү салааг танана. Хэрвээ шим тэжээлийн бодисын хангамж муу ургалт аажим бол доороос нь нэг үе өнгөрөөгөөд жимсийг ургуулж өгнө. Хураалтыг доороос дээш чиглэлд хийх ба хураалт хийгдсэн жимсний орчим дахь навчийг танаж, ишийг тойрог хэлбэрээр хөрсөн дээр хэвтүүлэн гол ишийг дээш ургуулах аргийг хэрэглэнэ. Хэрэв ургалт эрчимтэй байх юм бол үе болгонд жимс үлдээнэ.

Өргөст хэмхийн өвчин ба хортон шавьж 

Эрүүл бус ургамлын шинж тэмдэг: 

• Навч цоорсон

• Навчны гадаргууд толбо, өнгөр үүссэн, өнгө алагласан

• Навч нь үрчийж, хорчийсон, хэлбэр дүрсээ алдсан

• Иш нарийссан

• Үндэсний хүзүүвч орчим зөөлөрсөн

Хамгийн түгээмэл тохиолддог өвчлөлийг дурдвал гуалах, цагаан хөгц зэрэг өвчин бөгөөд энэхүү өвчний гол шинж тэмдэг нь навч, иш, жимсэн дээр цайрах буюу цагаан хөгц ургаж эхлэх, навчин дээр цагаан цэг үүсэх буюу гурил цацсан мэт цайрч, хурдан үхжиж эхэлснээр ургац үлэмж хэмжээгээр буурахад хүргэдэг. Энэ тохиолдолд өргөст хэмхийг арчлахдаа зөвхөн өвчтэй навч, ишийг тасдаж авч устгана. Гуалах болон цагаан хөгц өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээрээс хамгаалах эмчилгээг хамтад хослуулан хийхийг зөвлөж байна

Хортон шавж  өргөст хэмхийн хамгийн их өртдөг хортон нь ургамлын бөөс юм. Энэхүү шавж нь ургамалд бүхэлд нь тархаж гэмтээх чадвартай тул хамгийн хортойд тооцогддог. Бөөс нь өргөст хэмхийн ургалт хөгжлийн явцад шим шүүсийг нь сордог ба маш хурдан үржиж, хэдхэн хоногийн дотор навч, үрийн орон, цэцгийг бүхэлд нь бүрхэж ургамлыг үхэлд хүргэдэг.

Ургамлын бөөстэй тэмцэх ердийн аргууд:

• Хортонд нэрвэгдсэн ургамлыг савангийн уусмал, тамхи, модны үнсний холимгоор шүрших (10л ус + 400гр холимог найруулна)

• Кальцитай содын уусмал ашиглах (1л ус + 1л кальцитай сод + 30г ердийн саван)

• 1кг улаан чинжүүг хандлан зөөлөн гал дээр нэг цаг буцалгана. Дараа нь хөргөж дулаан газартхэд хонуулнаад. Бэлэн болсон бэлдмэлээ тунгааж цэвэр савнуудад хувааж савлан сэрүүн газарт хадгална. Энэхүү бэлдмэлээ усанд найруулан ургамлаа шүршиж хэрэглэнэ. ( 10л ус + 150гр бэлдмэл)

Эдийн засгийн тооцоо

Тариалалт хийх талбайн хэмжээ: 500 м.кв өвлийн хүлэмж

Нийт суулгацын тоо: 800 ш

Мөр хоорондын зай: 60 см

Ургамал хоорондын зай: 40 см

Хамрын өргөн: 1 м

Явган зам: 1м

 

© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан