Эрдэс бодис, амин дэмийг үйлдвэрлэгч “Янзтай” ясны шөл

www.khuns.mn энэ удаагийн “Амт урлагч” булангаараа “Эс Ти Эс Фүүдс” компанийн “Янзтай” ясны шөлийг онцолж байна. Монголчууд эрт дээр үеэс ясны шөлний үнэт чанарыг ашиглаж, эрүүл мэндээ дэмжиж ирсэн түүхтэй. Таван хошуу малын булууны ясны шөл өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай гэдэг.  Тэр дундаа үхрийн булууны ясны шөл олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг өөртөө агуулдаг. Коллаген, фосфор, цахиур,  пролин,  глутамин,  магни гээд тоочоод байвал олон. Энэ бүх эрдэс бодис хүний биед олон төрлийн ашигтай юм. Харин үхрийн булууны ясны шөлийг зөв аргаар чанаж байж эрдэс бодис, амин дэм нь жинхэнэ утгаараа бүрэлддэг байна. 

Булууны ясыг 18 цаг чанаж байж ясны шөлийг гаргаж авдаг 

“Янзтай” ясны шөлийг үйлдвэрлэхийн тулд юуны өмнө хамгийн гол түүхий эд болох үхрийн булууны ясаа хаанаас сонгож авдаг вэ гэдэг чухал. Тэгвэл “Эс Ти Эс Фүүдс” компани “Тэсо”, “Ихэр шарангад”, Мах импекс” зэрэг компаниудас авдаг юм байна. Бүгд махны үйлдвэртэй, булууны ясаа бохир муухай орчинд байлгана гэж байхгүй. Агуулахад, цэвэр цэмцгэр орчинд хадгалдаг, гарал үүслийн болон шинжилгээний бичигтэй булууны яс авдаг гэсэн үг. Одоохондоо компанийн үйлдвэрлэлийн хэмжээ тийм ч том биш учраас түүхий эд болох булууны ясаа авчраад, хөлдөөгчнүүдэд хийж хадгалдаг юм байна.  Тэгэхээр ямар түүхий эдээр, яаж ч хийдэг юм билээ гэж санаа зовох хэрэггүй гэсэн үг.  Сайн бүтээгдэхүүний сав, баглаа, уут сайхан байх нь хэрэглэгчдийн таашаалд нийцэх хамгийн гол шалгуурын нэг.  Тэгвэл “Янзтай” ясны шөлний уутыг Солонгост захиалж хийлгэдэг аж. 7 давхар бүрээстэй, мөнгөлөг дотортой, стандарт шаардлага бүрэн хангасан уутыг хэрэглэж байна. 

Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн цөөнгүй нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, том хэмжээний үйлдвэрлэгч болох боломжийг хайсаар байгаа. “Янзтай” ясны шөлийг үйлдвэрлэгч “Эс Ти ЭС Фүүдс” компани ч гэсэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр хагас автомат. Булууны яс чанах, боловсруулах танк, тогоонуудтай. Үйлдвэрүүдээс авсан булууны ясаа том тогоо буюу танкинд хийж, 5-8 градусын хүйтэн усанд 24 цагийн хугацаанд дэвтээдэг. Ийн дэвтээж буйн учир нь булууны ясанд байгаа махны үлдэгдэл, механик хольцийг цэвэрлэдэг аж. Мөн махны үлдэгдэлд байгаа цусны агууламжийг хүйтэн маш сайн шингээж авдаг юм байна. 

Дэвтээсэн булууны ясыг гаргасны дараа уураар халдаг тогоонд чанадаг байна. Том компаниуд цахилгаан станцаас технологийн уур авдаг. Харин “Эс Ти Эс Фүүдс” компани өөрсдөө уур үүсгэгчтэй, түүгээрээ технологийн уур гаргаж, булууны ясаа чанадаг аж. Уураар чанахаар бүтээгдэхүүн түлэгдэхгүй гэх мэт маш олон давуу талтай гэдгийг үйлдвэрийнхэн хэлж байлаа. Булууны ясыг уураар чанахад нитгэл болон тос нь ялгарч, хөвж гарч ирнэ. Тэр үед нь ясаа гаргаж аваад, хөргөөд, хөлдөөгчиндөө хадгалдаг. Энэ олон үйл явцын дараа жинхэнэ утгаараа ясны шөл гаргаж авах булууны цэвэр яс бэлэн боллоо гэсэн үг. 

Хоёр дамжлагаар оруулж, бэлэн болгосон булууны ясыг өөр нэг тогоонд хийж, 18 цагийн хугацаанд чанана. Ингэж байж сая булууны ясны шөл бүрэн утгаараа гарна гэсэн үг. Ясанд агуулдагдаж буй уураг, эрдэс, витамин зэрэг шимт бодисууд усандаа бүрэн уусахыг ясны шөл гэнэ. Үндсэндээ 18 цаг чанаж байж л сая булууны ясны шөл гарлаа гэж бодоход болох аж. Гэтэл манайхан гэртээ хамгийн ихдээ 5, 6-хан цаг чанаад л ясны шөл гаргачихлаа гэж боддог. Харин гадаад, дотоодын эрдэмтэн мэргэдийн судалгаагаар булууны ясыг 8 цаг чанахад шим тэжээлийнх нь 20 хувь л шөлөнд шингэдэг аж. Тиймээс дор хаяж 18 цаг чанах ёстой. Үйлдвэрийн хувьд 18 цаг чанасан шөлөө дараагийн тогоо руу шилжүүлнэ. Дараагийн тогоо нь шөлийг хутгах зориулалттай. 

“Эс Ти Эс Фүүдс” компани одоогоор “Цэвэр”, “Зөөлөн”, “Халуун ногоотой” гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. “Цэвэр” шөл нь ямар нэгэн амтлагчгүй. “Зөөлөн” бүтээгдэхүүн нь сонгино, сармис зэргээр амталсан. “Халуун ногоотой” бүтээгдэхүүн мэдээж халуун амтлагчид хийнэ. Гэхдээ ямар нэгэн элдэв хүнсний нэмэлтгүй, зөвхөн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр л амталдаг байна. Амтлагч хийсэн шөлөө хутгах машиндаа сайтар хутгана. Түүний дараа жигдрүүлэгч машиндаа хийнэ. Маш өндөр даралтаар задалж, илүү нарийн уусгаж, нэгэн төрлийн уусмал болгож, илүү сайн холино гэсэн үг. Ингээд олон амин дэмийг агуулсан “Янзтай” ясны шөл бэлэн болно. Бэлэн болсон шөлөө уутлаад, дараа нь амыг нь наадаг машинаар наагаад л гүйцээ. Гэхдээ ууталсан бүтээгдэхүүнийг шууд гаргачихдаг юм биш. Ууттай бүтээгдэхүүнээ автоклабт хийж, ариутгана. 

Хүнс гэдэг хүний амаар ходоод руу орох учраас маш сайн чанартай, биед хор нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Тиймдээ ч маш сайн ариутгаж өгснөөр дотор нь дахиж бактер өсөх нөхцөлгүй болж, удаан хугацаанд хадгалах боломжтой болдог хэмээн компанийн захирал Г.Бат-Очир хэлж байлаа. Ямар нөөшлөгчгүйгээр 6 сарын хугацаанд хадгалж болж байгаа нь өндөр даралтаар ариутгаж байгаатай холбоотой. Үйлдвэрийн үндсэн дамжлага ийм. 

М.Нандинцэцэг: Ясны шөл үс, хумс, арьсыг маш сайхан болгодог 

Үхрийн булууны ясны шөлөнд ямар эрдэс бодис, амин дэм агуулагдаж байдаг. Хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг талаар “Эс Ти Эс Фүүдс” компанийн технологич М.Нандинцэцэгтэй ярилцлаа. 

-Ясны шөл хүний биед маш сайн гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бэлчээрийн монгол малын махыг нь их хэрэглэдэг хирнээ манай ард түмэн ясыг нь тэр бүр хэрэглээд байдаггүй юм шиг санагддаг. Үхрийн булууны яс гадны улсуудад их үнэд хүрдэг, яс тэр дундаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой гэж ярьдаг. Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс ясны шөлийг, хий ядаргаа тайлах тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байсан юм билээ.Үхрийн булууны ясанд олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Ясны шөл нь гэдэг нь тухайн ясанд агуулагдаж буй шимт бодисуудыг нь усанд шингээж, шөл болгон хувиргаж байгааг л  хэлээд байгаа юм. Манай үйлдвэр булууны ясыг 18-20 цаг турш чанаж, монгол малын нэг бэлчээрийн үхрийн булууны, ясны шөлийг үйлдвэрлэн хэрэглэгч нартаа хүргэсээр ирсэн билээ. Ясанд кальци, фосфор, магни гэх зэрэг эрдэс бодисууд өндөр агууламжтай байдаг. Өдөрт нэг аяга ясны шөл уухад кальцийн хэмжээг 35, кали 9, фосфор 35 хувийг авна.  

Сүүлийн үед ясны шөлийг зөвхөн хоол хүнс төдий бус шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх голлох эх үүсвэр гэж үздэг болсон. Монголчууд мах, гурил, будаа гээд нүүрс ус, уураг ихтэй бүтээгдэхүүнээ голлож хэрэглэдэг. Гэтэл хүний бие  өдөрт зайлшгүй авах ёстой эрдэс бодис, амин дэм гэж байдаг. Ясны шөлийг хэрэглэснээр эрдэс бодис, шим тэжээлээ нөхөх боломжтой. 

Би тодорхой жишээ хэлье. Саяхан манай үйлдвэрт нэг хүн ирж, манай захиралтай болон надтай уулзсан. Элгээ солиулсан, эрдэс, кальцийн дутагдалтай хүн байсан. Тэр хүн “Эмч маань надад ясны шөл уухыг зөвлөсөн. Ах нь гэртээ яс буцалгаад, шөл гаргаад сууж байх цаг зав байхгүй. Танай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзмээр байна. Яаж шөлөө, боловсруулдаг вэ. Ямар нэгэн нэмэлт хэрэглэдэг үү" гэх зэрэг асуултуудыг асууж захиралтай маань уулзсан. Манайх үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийхээ онцлогийн талаар мэдээлэл өгсөн, ямар нэгэн хүнсний нэмэлт хэрэглэдэггүй, гэдгээ хэлээд, бүтээгдэхүүнээ санал болгосон. Тэр хүн манай бүтээгдэхүүнийг тасралтгүй 20 гаруй хоногийн турш хэрэглэж үзсэн юм билээ. Хэрэглэснийхээ дараа шинжилгээ өгтөл кальцийн хэмжээ нь зохих түвшиндээ очсон байсан. Энэ мэтээр бодит үр дүн бий. 

Энд нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, ясны шөлөнд үл орлогдох амин хүчил болох  глицинагуулагддаг. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэхэд шаардлагатай байдаг. Элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөл өөрөө үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг хэрэглэснээр коллаген, кальцийг авдаг. 

-Ясны шөлийг ямар байдлаар, хэд хоног хэрэглэх ёстой вэ. Тийм тооцоо бий юу. Эсвэл тухайн хүнээсээ л шалтгаалах уу?

-Тэд хоногт, тэгж уу гэсэн нарийн заавар байхгүй. Тухайн хүнээсээ л шалтгаална. Ямар эрдэс бодис дутагдалтай байна. Их дутагдсан уу гэх зэргээс шалтгаалаад өөрсдөдөө зохицуулаад л хэрэглэнэ. Манай бүтээгдэхүүнийг халаах болон хүйтнээр нь хэрэглэх боломжтой. Ясны шөлний смүүти хийгээд ч ууж болно. Эсвэл хоолондоо хийгээд хоолны дэглэм барьж буй эмэгтэйчүүдэд ч бас хэрэглэхэд тохиромжтой. Сүүлийн үед яригдаад байгаа кето хоололтонд ясны шөлийг эмч хоол зүйчид зөвлөдөг болсон юм билээ.

Г.Бат-Очир: Үйлдвэрийн, ном журмаар нь чанаж гаргасан шөлийг хэрэглэж байвал сайн

“Эс Ти Эс Фүүдс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Очиртай үлдвэрийнх нь талаар ярилцлаа. 

-Компаниа хэзээ байгуулсан бэ. Тэр үүх түүхээс ярилцлагаа эхэлье?

-2017 онд компаниа анх байгуулсан. Харин бүтээгдэхүүний туршилтыг ШУТИС-ийн докторуудтай хамтарч хийж, хөгжүүлж явсаар 2018 онд зах зээлд нийлүүлж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өдөр тутамдаа үйлдвэрлэлээ хөгжүүлээд ажиллаж байна. 

-Ясны шөлний үйлдвэрлэлийг дотоодод хийх хэрэгцээ шаардлага их байсан гэж хардаг. Түүнийг нөхөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэж харлаа. Санаагаа анх яаж гаргасан бэ?

-Манай үүсгэн байгуулагч Шархүүгийн Сүнжидмаа гэдэг хүн байдаг. Тэр хүн найзуудтайгаа хамтраад анх энэ компанийг үүсгэн байгуулсан. Би анх технологичоор ажиллаж байгаад саяхнаас гүйцэтгэх захирал болсон юм. Манай захирал өөрөө эрүүл мэндийг эрхэмлэдэг. Тиймдээ ч хүнд хэрэгтэй юу хийх вэ гэж найзуудтайгаа зөвлөж байгаад ясны шөлний үйлдвэр байгуулахаар болсон юм билээ. Ясны шөл гэдэг эрүүл мэндэд хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсад хамгийн гол түүхий эд нь бэлэн байна. Монголчууд хамгийн хэрэгтэй зүйл болох үхрийн булууны ясаа хэрэглэхгүй хаядаг. Гадныхан хэрэгтэйг нь мэдрээд, хэрэглээд явдаг юм байна гэдгийг харж, эх орондоо булууны ясны шөл үйлдвэрлэхээр шийдэж, энэ компанийг байгуулсан юм билээ. 

-Одоогоор хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?

-Манай компани 12 ажилтантай. Мөн олон харилцагчтай, бие биеийгээ дэмжээд л ажиллаж байна даа. 

-Гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг нэмэгдүүлэх зорилго байгаа биз дээ?

-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байгаа. Ирэх тавдугаар сараас шинэ төрлийн бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна. 

-Монголд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд борлуулалт гэдэг хамгийн тулгамдсан асуудал болоод байх шиг анзаарагддаг. Танай компанийн хувьд хэрэглэгчдэд нэгэнт хүрчихсэн биз?

-Бүтээгдэхүүнээ хүмүүст маш сайн хүрсэн гэж бодож байгаа. Одоо бид бүх захууд, сүлжээ супер маркетуудад орчихсон. Энэ оны төгсгөлөөр Улаанбаатар хотод байгаа  4600 орчим дэлгүүрийн гуравны нэгд нь бүтээгдэхүүнээ хүргэнэ гэж төлөвлөж байна. Ясны шөл зөвхөн хүнс биш, эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Тиймээс “Монос” болон бусад эмийн сангуудаар борлуулалт хийж эхэлсэн. Онлайн борлуулалт ч хийдэг. 

-Өдөртөө хэчнээн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манай компани өдөртөө 300-500 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууд ясны шөлний ашиг тусыг маш сайн мэддэг. Гэвч нөгөө талдаа үйлдвэрлэгчдээ сайн мэдэхгүй байна. Үйлдвэрийн бүтээгдэхүүн сайн юм уу, гэртээ чанаж байгаа нь илүү юу гэдгээ сайн ялгахгүй байх шиг. Сэтгэлд сэвгүй гэдгээр нь гэртээ яс чанаад байдаг. Гэвч гэртээ хангалттай удаан чанадаггүй, ном журмаар шөлөө гаргадаггүй, шим тэжээл нь дутмаг шөл гаргаад байдаг. Тиймээс үйлдвэрийн, ном журмаар нь чанаж гаргасан шөлийг хэрэглэж байвал сайн. Манай үйлдвэр олон үнэнч хэрэглэгчтэй болсон байгаа. 

-Монголд олон жижиг, дунд үйлдвэр бий ч том болж хөгжихгүй байх шиг. Үйлдвэрээ томруулахын тулд ямар тулгамдсан асуудал байна вэ?

-Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал дэд бүтэц. 3, 4 дүгээр цахилгаан станц үйлдвэрүүдэд хямд зардлаар уур өгдөг. Гэтэл цахилгаан станцуудын ойр орчимд газар байхгүй, маш олон үйлдвэр барьчихсан. Дахиж өөр үйлдвэр тэнд барих, байгуулах боломж бага. Хоёрдугаарт, зээл хамгийн тулгамдсан асуудал. Бид байнга л өргөжин дэвжиж, бүтээгдэхүүний сурталчилж, олонд таниулахын төлөө хичээж ажилладаг. Тэр болгонд л хөрөнгө мөнгө шаардлагатай. Банкуудаас зээл хүсэхээр барьцаа хөрөнгө шаардана, тэгээд гацна. 

-Энэ байрыг түрээсэлдэг гэсэн. Уг нь өөрийн гэсэн байртай болбол илүү өргөжиж дэвжихэд нөлөөлөх байх?

-Өөрийн гэсэн байртай бол маш том давуу талтай болно. Зардлын хувьд хэмнэлттэй, хөрөнгө оруулалт хийхэд ч боломжтой. Өөрийн байр учраас засвар үйлчилгээгээ ч цаг тухайд нь хийгээд байна. Түрээсийн байранд байхаар засвар байнга хийгээд байж болохгүй. Дараа нь орхиод явах учраас хайран хөрөнгө оруулалт болно. Нөгөө талаас бидний хүсээд байгаа олон төрлийн стандарт хангасан үйлдвэрийн байр биш учраас бэрхшээл байгаа. Үйлдвэрүүдэд нэг чиглэлийн урсгалаас эхлээд л нэн тэргүүний шаардлагыг тавьдаг. Гэтэл түрээсийн байр тийм биш, шаардлага хангадаггүй. 2022 оноос өөрийн гэсэн байртай болох төлөвлөгөө гаргаад, зорилт тавиад ажиллаж байна. 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр илүү эрчимтэй ажиллаж байна гэж хардаг. Зээл авахаар хандаж үзсэн үү?

-Шинэ Засгийн газар, Ерөнхий сайд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж л байна. Гэвч бидэнд байдаг өнөөх зовлон хэвээрээ. Жижиг, дунд үйлдвэрүүдийн ихэнх л өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй, байнгын мөнгөний бэрхшээлтэй байдаг. Зээл авахад барьцаа хөрөнгө хүрдэггүй. Хэдийгээр төр засгаас дэмжих гэдэг ч банкны шаардлагыг хангаж чадахгүй гацдаг зовлон байсаар л байна. Уг нь заавал барьцаа хөрөнгөтэй байх ёстой гэж шаардахгүйгээр аж ахуйн нэгжийг нь судлаад, эргэн төлөлтөө хийх чадвартай эсэхийг мэдээд. Зөв системтэй, борлуулалт нь жигдэрсэн, хэрэглэгчдэд хүрчихсэн, байнга ашиг орлогоо олж чадаж байна уу гэдгийг нь харж зээлээ өгдөг байвал зүгээр юм шиг санагддаг. 

Улсаас тусалж, дэмжих гэж хичээж байгааг сайшаадаг. Гэхдээ бодлогоо илүү зөв болгож, аж ахуйн нэгжүүдээ мэдэрч, дэмжиж чадвал улсаараа хөгжихөд нөлөөлнө гэж боддог. Нөгөө талаар хэрэглэгчдийн боловсрол, хоол хүнсний талаарх мэдлэг илүү нэмэгдээсэй гэж боддог. Хоол гэдэг тэр чигээрээ эрүүл мэнд. Хүмүүс чанартай бүтээгдэхүүнийг илүүтэй хэрэглэж, олон төрлийн өвчлөлөөс сэргийлэх хэрэгтэй байна.  

Та бүр дэлгэрэнгүй мэдээллийг дараах фэйж хуудаснаас авах боломжтой. 

© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан