Найруулдаг ааруул, ээзгийг уухад амттай, идэхэд шимтэй

 

усанд найруулж уудаг ааруул, ээзгийний үйлдвэр эрхлэгч Н.Ганжолоотой ярилцлаа. Тэрбээр өөрийн бизнесийг эхлүүлээд зургаан сарын хугацаа өнгөрчээ. Н.Ганжолоо маркетингийн менежер мэргэжилтэй. Монголын улс төр бизнесийн удирдлагын академийг 2018 онд дүүргэсэн. Одоогоор Налайх дүүрэгт оршин сууж, үйлдвэрлэлээ явуулж байна. Тэднийх ааруулаа өөрсдөө боловсруулж харин ээзгийг хөдөө орон нутгаас малчдын гар дээрээс худалдан авч үйлвэрийн аргаар шахмал хэлбэрт оруулан, боловсруулан гаргадаг байна. 

-Та өөрийн бизнесийн талаар танилцуулаач?

-Би 2013 оноос "Мөнхийн зул"  гэдэг  зулын тос хийдэг байсан. Харин 2019 оны 5 сараас ааруул хийж эхэлсэн. Дараа нь  2019 оны 7 сард ааруул, ээзгийний шүүс хийх санаагаа олж, патентжуулаад 2020 оны 2 сараас "Шимт" нэрийн ааруулын шүүс худалдаанд гаргасан. 

-Та энэ санаагаа хэрхэн, яаж  олсон бэ?

-Манайх хүүхдүүддээ байнга ааруулын шүүс  бэлдэж өгдөг байсан. Гэртээ өдөр бүр бэлтгэх нь  бага зэргийн  төвөгтэй байсан учраас энэ үйлдлийг амарчлах ямар арга байж болохыг удаан бодсон. Үүний дараа гэртээ  гар аргаар бэлдэж үзэхэд, бүтэмжтэй байсан. Тэгээд анхны бэлтгэсэн шахмалаа хүүхдүүддээ идүүлж, усанд найруулж өгөхөд маш амтархан хүлээж авсан. Анх гар аргаар өдөржин хийхэд гуравхан шахмал гарч байсан. Тэгээд л дан ганц усанд найруулж уухын оронд шахмал хэлбэрээр идэх боломжтойг нь ойлгож, "Уухад шимтэй, идэхэд амттай" гэдэг уриатай болсон доо.

- Та ааруул, ээзгийний шахмал хийдэг технологийн талаар хуваалцаач?

 -Анх ааруулаар эхэлж байсан ч хүмүүс ээзгийг бас ихээр асууж байсан учраас дараа нь ээзгийний шахмал нэмж хийж эхэлсэн. Ааруулыг өөрийн цехдээ  хийдэг. Учир нь  гадуур цэвэр ааруул олоход хэцүү болсон шүү дээ. Мөн цэвэр ааруул олсон ч  амт нь хоорондоо өөр, өөр байдаг. Тиймээс манайх сүү худалдан авч,  сүүгээ ариутгаж цөцгий ялгаж авсны дараа тараг бүрж, таргаа исгээд,  аарц бэлдэж ааруул хийдэг. дараа нь  ааруулаа бүрэн хатааж  шахмал хийдэг. Уламжлалт аргыг орчин үеийн технологитой  хослуулан иноваци шингээхийг боддог. 

-Бид өдөр тутмын амьдралдаа ааруулын шүүс хэрэглэхийн ач холбогдол, ашиг тус юу вэ?

-Ааруулын шүүсний ач тус  гэвэл маш олон зүйл байгаа. Кальцийг нөхнө.  Ясны сийрэгжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй хэрэглээ. Мөн дархлааг дэмжиж, цөс цэвэрлэдэг. Мишээл экспо олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнд оролцож байхад нэгэн эмч надад "Ааруулын шүүсийг жирэмсэн хүн тогтмол ууснаар төрсний дараа хүүхэд бага шарладаг. Шарласан ч эм хэрэглэхгүйгээр арилдаг хэмээн зөвлөж байсан" хэмээн хэлж байсан.

-Манай бүтээгдэхүүнүүд улирлын чанартай борлуулагддаг уу. Одоогоор зорилтот хэрэглэгчдээ ямар хүмүүс байна гэж харж байгаа вэ. Монголчууд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэр дэмжиж худалдан авалт хийдэг вэ?

-Цагаан идээ элбэгших үед борлуулалт буурах хандлага ажиглагдсан. Манай бүтээгдэхүүнийг  зарим хүмүүс гадаадад амьдардаг иргэд  руу явуулахаар их авдаг. Мөн гадаадаас маш олон хүн холбогдож асуудаг. Тэгэхдээ ихэвчлэн хүүхдүүдэд өгөхөөр авч байгаа харагддаг юм. Ээзгийг эмэгтэйчүүд өөрсдөө уух гэж мөн өндөр настай аав, ээж, эмээ, өвөөдөө зориулж их авдагдаа. Сүүлийн үед Монголчууд үндэсний үйлдвэрээ маш сайн дэмжиж, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлдэг болсон байна лээ. Мөн хувийн цэцэрлэгүүд ааруул, ээзгийний шүүсийг  авах сонирхол их байгаа. Учир нь сахарын хорыг бууруулах зорилгоор хүүхдүүдэд өгдөг. Мөн хор саармагжуулах чиглэлээр үйлдвэрүүд ашиглаж байна. Фитнесийн тамирчид бас ууж хэрэглэдэг.

 -Тэгэхээр танай бүтээгдэхүүн зах зээлд эрэлт сайтай байгаа бололтой?

-Одоогоор эрэлт ихтэй гэж хэлэх боломжгүй байна. Бүтээгдэхүүнээ гаргаад удаагүй байгаа учраас хэрэглэгчдэд таниулж, сурталчлах хэрэгтэй байна. Манай бүтээгдэхүүнийг мэддэг болсон үйлчлүүлэгчид байнга авсаар л байна. Одоогоор нийлүүлэлт хийдэг дэлгүүрүүддээ бүтээгдэхүүнээ  сайн нийлүүлж чадахгүй л байна.  Хичээл сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, хил гааль нээгдвэл үйл ажиллагаа маань жигдрэх магадлал өндөр байгаа. 

 -Гарааны шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл их гарч байна уу. Гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодлого, арга хэмжээ тун хангалтгүй байдаг мэт санагддаг.  ЖДҮ дэмжих сан гэж байдаг ч хэрэгтэй хүмүүс нь хамрагдахад бэрхшээлтэй байдаг байх?

-Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол зээлийн хүү өндөр байгаа явдал. Бид ойрын хэдэн жил ашгийн бараа харахгүй бололтой. Гэвч энэ асуудлыг бэрхшээл гэж харалгүйгээр даваад гарна гэдэгтэй итгэлтэй байгаа. Манайх ЖДҮ дэмжих сангийн зээлийн хөтөлбөрт төслөө өгсөн. Үе шатууд нь маш удаан үргэлжилдэг юм билээ. Бараг горьдлого тасарч байна даа. Бид тавдугаар сарын 29нд төслөө өгсөн. Одоо л эхний шатанд нь тэнцэж байх шиг байна. Энэ хугацаанд маш олон асуудлууд тулгарах юм.

Харин гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын байгууллагууд дэмждэг. Манайх Америкийн хөгжлийн агентлагаас санхүүждэг. Америкийн хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын "Best" хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэ байгууллага гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, хамруулдаг. Мөн оршин суугаа орон нутгаас их дэмжлэг үзүүлдэг. Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийн төвөөс манайд үнэ төлбөр өгөхгүйгээр бүтэн жил ашиглах байр гаргаж өгсөн.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Одоохондоо гэр бүлийн хүрээнд бизнесээ эрхэлж байна уу?

-Манайд нийгмийн даатгал төлдөг хоёр ажилтан байдаг. Мөн цагаар ажиллуулдаг хоёр хүн бий. Нийтдээ дөрвөн ажилтантай.

 

© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан