KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
С.Начин: Амьдран буй цаг хугацаандаа ядаж гурван сайхан шүлэг үлдээчих юмсан гэж боддог

“Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа дөрөв дэх дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин. Тэрбээр 2011 онд дөнгөж 20 настайдаа “Болор цом” яруу найргийн наадамд оролцож явсан түүхтэй. Мөн 2010 онд хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлж байсан удаатай юм. МУИС-ийн оюутан байхдаа өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарч байсан гэсэн үг. Тэгвэл оюутан ахуй цагаас нь хойш даруй 10 жил өнгөрөхөд түүний дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэхийг зорилоо.
Яруу найрагч С.Начингийн оролцсон подкастын онцлох ишлэлүүд
-Дурлал хүнийг яруу найрагч болгодог гэж уншиж байсан. Тэр үгтэй санал нийлдэг.
-Би 10 дугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Шүлэг, яруу найрагтай холбогдоод 15 жил болж байна. Одоо л уран зохиолыг ойлгож эхлэх гэж байна гэж дотроо боддог.
-Би яруу найргийг залуу насандаа л бичдэг гэдэгтэй санал нийлдэггүй.
-Аль сайн өөрийгөө хөгжүүлж чадсан нь, бусдыгаа сайн уншсан нь, үе үеийн төлөөлөө хүндэлж чадсан нь уран зохиолд үлддэг юм болов уу гэж боддог.
-Хамгийн өргөн мөрөн чимээгүй урсдаг гэдэг үг байдаг. Түүнтэй адилхан чимээгүйхэн, зөнгөөрөө бичиж, туурвиж байгаад номоо нэг өдөр гаргана. Тэр өдөр нь дөхөж байгаа.
-Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг зүгээр нэг тоглоом биш гэж санагддаг болоод удлаа. Оюутан ахуйн дэрвүүн хүслээр биш илүү буурь суусан, гэхдээ юунд уягдахгүйгээр, цаг хугацаанд хүлэгдэхгүйгээр нямбай чамбай ном гаргахыг хүсэж байна.
-Хамгийн сайн найз бол ном гэдэг үгтэй эвлэрч байгаа.
-Яруу найраг миний хувьд мэдрэмжийн хослол болон үнэн зүрхний дуулал байх ёстой гэж бодож байна.
-Бичихээс гадна үзэх кино, унших ном, сонсох хөгжим маш их байна. Тэр бүхнийг оюун санаандаа шингээж авахыг нэн тэргүүний зорилго болгож байна даа.
-Яруу найрагчид бид амттай ертөнцид аялж, амттай шаналдаг хүмүүс
-Би яруу найрагт ухаан зарах хэрэггүй л гэж боддог. Хэт ухаан зарвал хэцүү санагддаг.
-Би энэ уран зохиолд өөрийгөө олох гэж яваа тагш барьсан, хаанаас ч юм олсон мод тулсан бадарчин. Тэр тагшаараа яруу найраг гэдэг булгаас өөрийнхөө хэмжээнд ус ууж байгаа.
-Би цор ганцхан учраас зөвхөн өөрийн цор ганц яруу найргийг бүтээх ёстой гэж боддог.
-Амьдран буй цаг хугацаандаа ядаж гурван сайхан шүлэг үлдээчих юмсан гэж боддог, үүнийгээ нуулгүй хэлмээр байна. Яруу найраг бичиж байгаа хүн болгонд ийм хүсэл, мөрөөдөл байдаг байх.
-Ганцхан гайхамшигтай мөрийг олчих юмсан гэж голдоо ортол цангаж байгаа яруу найрагчдыг би харж байсан. Түүн шиг яаж ийж байгаад үлдэх сайхан шүлэг биччих юмсан гэж боддог.
Мэдээлэл

Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454