KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Н.Сугар: Өсвөр нас гэдэг хамгийн өсөлт өндөртэй үе учир хооллолтод маш сайн анхаарах ёстой

"Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл" уриатай www.khuns.mn сайт уншигчдын хоолны боловсролыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний зөв хэрэглээ, дадалд уриалах зорилготой “Хоол бол…” подкастыг эхлүүлсэн билээ. Тэгвэл подкастын гурав дахь удаагийн дугаараар “Өсвөр насныхны хооллолт” сэдвийн хүрээнд ярилцлаа. Подкастын зочин хоолзүйч Н.Сугар.
Хоол зүйч Н.Сугарын оролцсон подкастын онцлох ишлэлүүд
-Өсвөр нас гэдэг бүх насныхнаас хамгийн өсөлт өндөртэй байдаг үе. Тиймээс энэ үеийн хооллолтыг анхаарвал хүүхдийн өндөр нэмэгддэг. Хэдэн см өндөртэй болох вэ гэдгийн эхлэл өсвөр насанд тавигддаг. Ирээдүйд эрүүл саруул хүн болж өсөх нь ч гэсэн өсвөр насны үеийн хооллолтоос хамаарна. Тиймээс маш сайн анхаарахгүй бол болохгүй.
-Хүүхдээс насанд хүрэгч рүү шилжиж байгаа үе учраас сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гардаг. Сэтгэл зүйн байдлыг дагаад хооллолт ч өөрчлөгдөнө. Бүр хооллолттой холбоотой эмгэг ч үүсэх магадлалтай.
-Хоолоо идэхгүй сойх, эсвэл идсэн мөртлөө албаар бөөлжиж гаргах эмгэг үүсэх тохиолдол бий. Охидуудын гурван хүүхэд тутмын нэгд, хөвгүүдийн 5 хүүхэд тутмын нэгд үүсдэг. Хоолоо сойх эмгэг нь “Анорексиа нервоза”. Нөгөөх нь булимиа гэдэг эмгэг.

-“Анорексиа нервоза” үүссэн тохиолдолд сэтгэл зүйч, эмч, хоол зүйч гээд багийн ажиллагаа шаардаж байж эмчлэх шаардлагатай болдог.
-Хэт их турах маш муу. Даавартай холбоотой, цаашлаад эмэгтэйчүүд талаасаа өвчлөл үүсэх магадлалтай. Бүр амь насаа ч алдах тохиолдол бий. Гадны оронд ийм тохиолдлууд цөөнгүй гарсан. Тиймээс загварын тайзан дээр хэт туранхай хүмүүсийг гаргахаа больсон.
-Манай улсад ч зарим нэг энтертайнмент нэвтрүүлгийн үеэр “Хэрвээ та ийм хүнсийг идэхгүй бол жингээ хасна” гэж зөвлөж байгаа нь үзэж байгаа өсвөр насныханд муугаар нөлөөлнө. Тиймээс олны танил, эсвэл нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс хамаагүй олон нийтэд хандсан мэргэжлийн бус зөвлөгөө өгмөөргүй байна.
-Хуушуур, мантуун бууз, пирожки байнга идэх нь буруу. Нэгдүгээрт, цайны газрууд тосоо дахин дахин хэрэглэдэг. Олон дахин хэрэглэсэн тосонд хорт нэгдлүүд үүсдэг. Хоёрдугаарт, энэ хоолуудыг байнга иднэ гэвэл мах, гурилнаас өөр хүнс хэрэглэхгүй байна гэсэн үг. Нүүрс ус, уураг л авна. Эрдэс, амин дэм авдаггүй. Тиймээс хүнсний ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлэх ёстой. Өндөр болоход зайлшгүй эрдэс, амин дэм хэрэгтэй. Түүнийгээ үр тариа, сүү, ногоо, жимснээс авна.
-Аль болох олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл олон төрлийн л эрдэс бодис, амин дэм, витамин авна.
-Өсвөр насны охидын сарын тэмдэг ирж эхэлдэг учраас төмөр дутагдахаас сэргийлэх ёстой. Төмрийн хэрэглээ энэ насанд маш өндөр байдаг учраас зайлшгүй анхаарч, мах, махан бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой. Хөвгүүд ч ялгаагүй, булчин нь томорч, хөгжиж байдаг учраас төмөр дутлаас сэргийлэх ёстой.

-Сүү бүх шимт бодисыг агуулдаг онцгой бүтээгдэхүүн учраас өсвөр насанд хамгийн их хэрэглэх ёстой.
-Монголчуудын махны хэрэглээ дэлхийд өндөрт тооцогдоно. Гэтэл төмөр дутлын цус багадалтаар дэлхийд бараг тэргүүлэх шахаж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Мах, махан бүтээгдэхүүн гэдэг төмрийн гол эх үүсвэр. Энэ утгаараа манайд төмөр дутлын цус багадалт гэж байх ёсгүй. Төмөр дутлын цус багадалт байна гэдэг хоол тэжээлийн доройтолд орсныг илтгэдэг. Уг нь манай улс хоол тэжээлийн доройтолд орохооргүй улс шүү дээ. Гэтэл монголчууд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэчихээд хажуугаар нь сүүтэй цай уудаг. Маханд байгаа төмөр, сүүнд байгаа кальци хоёр бие биеэ дарангуйлдаг. Тиймээс мах, сүү хоёрыг хамт хэрэглэх нь тохиромжгүй.
-Сүүлийн үед сүүтэй цайны хэрэглээ багассан ч кофены хэрэглээ зөрөөд нэмэгдэж байна. Гэтэл махан хоолны дараа кофе уучихвал кофайн төмрийг дарангуйлдаг. Тиймээс ямар хүнсний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдэг нь маш чухал асуудал.
-Хоол зүйчдийн мэргэжлийн ёс зүйд нэмэлт тэжээл, витамин, аминдэмийг зөвлөдөггүй. Жишээлбэл, та кальцийг байнга хэрэглээд байвал илүү яс ургах магадлалтай. Гэтэл сүү хэчнээн ч уусан илүүдэл яс ургахгүй шүү дээ. Сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхэддээ байнга өгөөрэй гэж зөвлөдөг нь кальцийг нь нөхөх гээд байгаа хэрэг. Түүнээс биш сүү уулгадаггүй байж кальцитай витамин, нэмэлт тэжээл авч өгнө гэвэл өрөөсгөл ойлголт. Сүүгээ сайн уулга эхлээд.
-Яс чинь дан кальци биш. Энэ бол уураг дээр суурилсан кальци. Та хүүхэддээ KFC гэх мэт түргэн хоол, чанаргүй бүтээгдэхүүн авч өгөөд байвал өндөр болохгүй. Эсрэгээрээ том болоод чихрийн шижинтэй ч болох магадлалтай.
Мэдээлэл
Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454

